Эртний монголын түүх
Хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн хүрэл зэвсгийн үе хүртэлх түүх нь урт хийгээд сонирхол татахуйц түүхийн эхлэл юм. Монгол дахь чулуун зэвсгийн үе нь ойролцоогоор 800 000 жилийн өмнө эхэлж, хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үе хэмээн хуваагддаг. Эртний хүний амьдарч байсан бууц суурины дурсгал эдүгээ монголын бүх нутгаас олдож байна. Хүний хөгжлийн анхдагч эрин, энэ цаг үе монголын хээр талд хэрхэн хөгжиж өрнөж байсан талаар та манай музейн эртний түүхийн танхим дахь үзмэр, үзүүллэгээс дэлгэрэнгүй танилцах болно.
Хуучин чулуун зэвсгийн үе “Палеолит” МЭӨ 800000-12000 жилийн өмнө: Энэ үеийн хүмүүсийн гол багаж
зэвсэг нь чулууг бутлаж хийсэн хутга мэт зүйл байжээ. Мөн түүнээс гадна яс, эвэр, том биетэй амьтны шүд зэргийг ч хэрэглэдэг байв. Монгол дахь хамгийн эртний хуучин чулуун зэвсгийн үеийн дурсгал нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг дахь Цагаан агуйгаас олдсон чулуун зэвсэг бөгөөд ойролцоогоор 800 000 жилийн өмнө хэрэглэж ирсэн байна. Тухайн үед монголын уур амьсгал зөөлөн дулаан байжээ. Хуучин чулуун зэвсгийн гол дурсгалууд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Өлзийт сумын Уранхайрхан уул, Ховд аймгийн Үенч сумын Үенчийн гол, Алтай сумын Барлагийн голын ойролцоо,Өвөрхангай аймгийн Гучин ус сумын Гучин ус, мөн Дундговь аймгийн Гурвансайхан сумын Ярх ба Ёроолын дурсгалууд зэрэг юм.
Дунд чулуун зэвсгийн үе (МЭӨ 100 000 - 40 000 жилийн өмнө). Дунд чулуун зэвсгийн үед эртний хүмүүс галыг нээж хүн төрөлхтөнд асар том дэвшил авчирсан ажээ. Түүнчлэн хүний уран дүрслэлт сэтгэлгээ ахиж бэлгэдлийн илэрхийлэл нь хадны сүг зураг болон ихэд хөгжжээ. Тухайн цаг нь мөнх цэвдэг мөстлөгийн үед дасан зохицож, цаг агаар туйлын хахир хүйтэн болж мөсөн гол дэлхийн хойд хагасыг бүрхэн монголын баруун ба хойд уулархаг бүсийг ч хамарчээ. Энэхүү хүйтнээс биеэ хамгаалахын тулд тэр үеийн хүмүүс агуй гэх мэт байгалын хоргодох газарт байрлан, агнасан амьтныхаа арьсаар энгийн хувцас хийж өмсдөг байлаа. Олон төрлийн багаж зэвсэг, хоёр талыг ирлэсэн, тэмдэг хэрчлээ гаргасан зэвсгүүдийг хийх болсон. Левалиуци ба засч янзлах техник гарсан нь эдгээр чулуун зэвсгүүдийг бүтээх бололцоог бүрдүүлжээ.
Энэ үеийн дурсгалууд Монголын Ханбогд сумын Оцонмааньтын агуй, Баянхонгор аймгийн Их Богд уул , Өвөрхангай аймгийн Богд сумын Арцбогд, Хархорин сумын Мойлтын ам зэрэг газруудад илэрчээ.
1. Дээд чулуун зэвсгийн үе (МЭӨ 40000-12000 жилийн өмнө) Энэ үеийн төгсгөлөөр мөсөнг олын зузаан нь багасаж орчин цагийн газар зүйн нутаг дэвсгэр үүсэн бий болжээ. Уур амьсгал нь өнөөгийхтэй төстэй болж хувирчээ. Чулуун зэвсгийн технологи нь өмнөх үеэсээ хөгжин иртэй зүйл, сумны жад, чулууны хэлтэс, тэвнэ гэх мэт нарийн багаж зэвсгийг чулууг бутлах замаар хийдэг болов. Ан ав хийх арга техник сайжирч, сонгож авах зэвсэг нь жад болжээ. Тэр үеийн хүмүүс агуйгаар орон гэрээ хийж байсан ч, өнөөгийн гэр буюу урцтай ойролцоо байгууламжийг мөн барьж эхэлсэн байна.
2. Дунд чулуун зэвсгийн үе: 12000-7000 жилийн өмнө - Энэ үеийг судлаачид хүн төрөлхтөний их нүүдлийн үе хэмээдэг хйигээд хүмүүс хойд зүг рүү нүүдэллэж байжээ. Тухайлбал, Сибир болон Алескыг дамжин төв азийн хүмүүс хойд америкт хүрсэн гэдэг. Хүмүүс холын тусгайлтай анхны зэвсэг нум сумыг сэдэж, болхи газар тариалан эрхэлж, зэрлэг амьтдыг гаршуулах болсон. Эхлээд нохойг тэжээн гаршуулжээ. Увс аймгийн Сагил сумын Можоод илэрсэн хадны зурагны судалгаагаар 5 хошуу малын нэг үхрийг тэжээн гаршуулсаныг батласан юм. Мөн чулуун зэвсэг ч нэлээд боловсронгуй болов. Дунд чулуун зэвсгийн үеийн архелогийн дурсгал болон эд өлөг нь монголд төдийгүй дэлхий дахинд тархсан байдаг ч ерөнхийдөө нэлээд ховор юм. Баянхонгор аймгийн Чихэн агуй, Дундговь аймгийн Дулааны говиос илэрсэн чулуун зэвсэг нь зэрэг дурсгал бий.
3. Шинэ чулуун зэвсгийн үе (МЭӨ 7000 - 3000 жилийн өмнө) Энэ үед эртний хүмүүс гэрийн эртний хэлбэр нүхэн сууц, оромж урц майханг барьж чаддаг болов. Үржил шимтэй голын эрэг хөвөөг даган багахан тариалан, загас, ан агнуур эрхлэн аж төрж байв. Энэ үеийн малтлагаар илэрсэн архелогийн дурсгалт зүйлсээс чулуун зэвсгээс гадна шавраар хийсэн ваарны хагархай, ясаар хийсэн чимэг зүүлтний төрлүүд, энгийн гоёл чимэглэлийн эдлэлүүд илэрчээ. Мөн нас барагсадаа тусгай зан үйлийн дагуу оршуулдаг болсон. Тэд үхсэний дараах амьдралд итгэдэг байжээ. Иймэрхүү оршуулгын газар нь Дорнод аймгийн Норовлин уул, Тамсагбулаг ууланд илэрсэн. Энэ үеийн чулуун зэвсэг нь чулууг бутлан хийдэг эртний арга техникээр зогсохгүй, нүх гаргах, өнгөлөх, ирлэх арга дэлгэрсэн. Анхдагч чулуун зэвсгийн үеийн чулуун зэвсэг нь улам хөгжиж, хуурайдах багаж, сэлэм, зэв мэтийн багаж дэлгэрсэн. Хатуулаг сайтай пийсүү, хаш чулуугаар багаж зэвсгийн чанарыг сайжруулжээ.
4.Хүрэл зэвсгийн үе (МЭӨ 3000- МЭ 300 жилийн өмнө) Монгол дахь хүрэл зэвсгийн үе нь МЭӨ 3000 оноос эхэлдэг. Хүн төрөлхтөн зэс хэмээх металлийг нээснээр чулуун зэвсгийн эрин үеийг хүрэл зэвсгээр сольжээ. Хүрэл зэвсгийн үед эртний нүүдэлчид мал аж ахуйг хөгжүүлж түүнтэй уялдан тухайн үеийн соёл, хувь хүн, өмчийн харилцаа аажим аажмаар өөрчлөгдөж эхэлсэн юм. Энэ үеийн дурсгалуудад дөрвөлжин хэлбэрийн булш бунхан, дөрвөлжин мөн дугуй хүрээгээр хүрээлэгдэж чулуугаар хучигдсан том булшны чулуу байдаг. Мөн төв азийн амьтны загварт урлагийн мянган дурсгал бүхий хадны зураг, хүрэл эдлэл, евроазид цөөн тоотой тархсан буган чулуун хөшөө хэмээх алдарт дурсгал бүтээгдсэн ажээ.